Friday, September 20, 2013

Манай байгууллагын алдагдал 90 тэрбумд хүрсэн. Энэ хэвээрээ явбал хэцүүдэх нь

НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Усны замбараагүй хэрэглээг цэгцлэхийн тулд Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс суурь үнэ гаргасан. Гэвч ШӨХТГ-аас үнэ тогтоох эрхгүй байгууллага гээд тогтоолыг хүчингүй болгочихлоо?

-Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэ нэмэхдээ бус суурь үнийн тарифыг мөрдөж эхлэе, гэр хорооллын хэрэглээний усны үнийг өсөхгүй гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс энэ оны долдугаар 9-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Зохицуулах зөвлөлийн даргын долдугаар сарын 10-ны өдрийн А16 дугаар тушаалаар усны үнийн өөрчлөлтийг хавсралтаар батлаад наймдугаар сарын 15-наас мөрдөе гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ бол хэрэглээний усны үнэ тарифын нэмэгдэл биш. Хэрэглэгч цорго нээнгүүт ус гоожих бэлэн байдлын зардлыг нөхөх үүднээс суурь үнийн нэмэгдлийг нэмж, тооцож авъя л гэсэн шийдвэр. Учир нь,цорго нээхэд ус бэлэн байх байнгын ажиллагааг хангахад маш их зардал гардаг. Наад зах нь, хүн хүч, засвар үйлчилгээ, шугам сүлжээ, олон тооны шахуурга, хөдөлгүүр ажиллуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангах гэх мэт. Гэтэл энэ бүх үйл ажиллагааны зардал хаана ч тусгадаггүйгээс өнөөдөр ус хангамж, ариутгах татуурга, орон сууцны нийтийн үйлчилгээний салбарын эдийн засгийн чадавхи муудсан. Жишээ нь, УСУГ 2013 онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй байна. Энэ бол тоглоом биш. Байнгын бэлэн байдлыг хангахын тулд суурь үнэ нэвтрүүлснээр ус хангамж  найдвартай болохын сацуу хүрсэн төвшнөө хадгална. Хэрвээ УСУГ энэ хэвээрээ яваад байвал ойрын хэдэн жилд хотын ус хангамжийн үйл ажиллагаа ноцтой байдалд хүрнэ.